ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН ГРЭЙПСИТИ МОНГОЛ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, ГрэйпСити Монгол ХХК-ийн хооронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, тийнхүү бэлтгэсэн мэргэжилтнүүдийг цаашид ГрэйпСити компанид ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах; оюутан залууст зориулж санхүүгийн боловсрол, мэдээлэл технологийн талаар семинар, лекц хийх; хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.
Санамж бичгийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д. Гантуул болон ГрэйпСити Монгол компанийн Гүйцэтгэх захирал Б. Мөнхцэцэг нар үзэглэв.
ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм. Монголын 12 арилжааны банкны 11 нь ГрэйпСити компанийн програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашигладагаас 9 банк тус компанийн боловсруулсан банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна.
Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн нь "Дэлхийн боловсролыг Монголд" уриатай 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын боловсролын салбарт тэргүүлэх 12 байгууллагыг өөртөө багтаасан цогц институт юм. Өдгөө нийт 250+ гаруй багш, 4100+ орчим суралцагчтайгаар Монголын боловсролын салбарт инновацийг нэвтрүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна.
Ёслолын ажиллагааны үеэр талууд Мэдээллийн технологийн салбарт шинээр ажилд орж буй төгсөгчдөд шаардагдаж буй ур чадварууд болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Програм хангамж болон Комьютерийн ухааны хөтөлбөрт банкны системийн хичээлийг нэвтрүүлэх талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд тус үйл ажиллагаанд хоёр байгууллагын төлөөлөл болох удирдлагын багийн 7 хүний бүрэлдэхүүн оролцлоо.