Мэдээний дэлгэрэнгүй

blog

Шинэ Монгол эрдмийн Хүрээлэнгийн урилгаар Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюүки хүрэлцэн ирэв

Монгол Улс Япон Улстай 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон ба ирэх онд 50 жилийн ой тохиох юм. Шинэ Монгол сургуулийн хувьд маш олон япон хүний тусламж дэмжлэгээр анх байгуулагдаж, түүнээс хойш өдий хүртэл маш олон хувь хүмүүс, тэтгэлгийн сан, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.
Дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа талархлын аян эхлүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд 2021 оны 11 сарын 23-ы энэ өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюүкиг Шинэ Монгол эрдмийн хүрээлэн дээрээ урьсан байна.
Элчин сайдтай хамт хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико, атташе Макиши Томоко нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат Багш Ж. Галбадрах болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд хүлээн авлаа.
Элчин Сайд Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Коллеж, Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн сургалтын орчинтой танилцаж, оюутан сурагчдын хичээл сургалтын явц, багш оюутны судалгааны ажил болон санаачлан гаргаж буй бүтээлүүдтэй танилцсан байна.
Багш сурагчидтай хийсэн уулзалт ярилцлага халуун дулаан уур амьсгалд өрнөж, оюутан сурагчдын төлөөлөл дуу дуулж, бүжиг бүжиж хүндэт зочиддоо бэлэг барьжээ. Элчин Сайд Кобаяши Хироюүки илтгэлийнхээ үеэр: “Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас хүнд цаг үе тохиож сурагчдыг сурах хүслээ алдаж, ирээдүйд итгэх итгэлгүй болох вий гэж миний бие санаа зовниж байлаа. Өнөөдөр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын үйл ажиллагаатай танилцаад, оюутан сурагчид бэрхшээл сорилтыг даван гарч суралцах үйл хэрэгт өмнөхөөсөө илүү дурлан, өсөн дэвжиж байгааг хараад ихээр баярлалаа. Ирээдүйд бидний хамтын үйл ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.
Шинэ Монгол сургууль Япон улстай хэрхэн хамтарч ажиллаж ирсэн тухай товч видео танилцуулга хийсэн байна. Ж. Галбадрах багш үг хэлэх үедээ “Япон улсын харамгүй тусламж дэмжлэгээр Пфайзер вакциныг Монголд оруулж ирсний ачаар ЕБС-ийн сурагчид вакцинд хамрагдан улмаар хичээл сургууль танхимаар орох боломж бүрдсэн” хэмээн онцлон тэмдэглээд, энэхүү том үйл хэргийг санаачлан зохион байгуулсан ноён Элчин Сайдад нийт багш сурагчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлсэн байна.
Мөн Элчин Сайд оюутан, сурагчдын төлөөлөлтэй уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлэн тэдний хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгын тухай сонсож, үнэтэй зөвлөгөө өгсөн байна. Цаашдын хамтын үйл ажиллагааны хүрээнд сургуулиудын удирдлагуудтай санал солилцлоо.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Элчин сайд Кобаяши Хироюүкид Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн нийт багш ажилтнууд, оюутан сурагчдын өмнөөс талархал илэрхийлье.