Япон улсын Ибараки мужтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2022.02.09-ны өдөр Шинэ Монгол эрдмийн хүрээлэн Япон улсын Ибараки аймгийн захиргаатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд: Ибараки аймгийг төлөөлж аймгийн захирагч Ооигава, ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, ШМЭХ-ийн гүйцэтгэх захирал Д.Гантуул, ШМТК-ийн гүйцэтгэх захирал Э.Цэндсүрэн нар оролцлоо.
Уг санамж бичгийн хүрээнд: Манай сургуулийн оюутан, төгсөгч нар Ибараки аймагт байрлах сургуульд дэвшин суралцах, компаниудад дадлага хийх, суралцсан мэргэжлээрээ үндсэн ажилд орж, Японы аж үйлдвэрлэл, техник технологийн тухай арвин их туршлага хуримтлуулан эх орондоо ирээд, дотоодын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гар бие оролцох боломж нээгдэж байгаа юм.
Засаг дарга Казүхико Ооигава: “Ажиллах хүчний хомстолтой байгаа Ибараки мужийн аж ахуйн нэгжүүдэд Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн төгсөгчид ажлын байраар хангагдах болж байгаад бид маш их талархаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын олон зүйлийг судалж хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Тэр дундаа Шинэ монгол сургуулийг Ибараки мужийн сургуулиудтай холбон онлайнаар харилцан хичээл орох, Цүкүбагийн их сургуулиас эхлээд бусад их дээд сургуулиудтай хамтрах, 100 гаруй судалгааны төвүүдтэй хамтарч судалгаа хийх зэрэг олон боломжууд харагдаж байна” гэв.
ШМЭХ Ерөнхийлөгч Ж.Галбадрах: “Тус сургууль нь орон нутгийн засаг захиргаа зэрэг төрийн байгууллагатай анх удаа хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаа бөгөөд Бид Ибараки муж дахь компаниудад ажилд орох оюутнуудын тоог нэмэгдүүлэхийг хүсч байна. Японд техник технологийн чиглэлээр ажиллахаар явж байгаа төгсөгчдийг Японы төрийн байгууллага, мужийн захиргаанаас давхар анхаарч дэмжлэг үзүүлж байгаа нь бидэнд талархууштай төдийгүй эцэг эхийн зүгээс ч сэтгэл ханамжтай байх болно” гэв.
Мөн чөлөөт ярилцлагын үеэр Засаг дарга Казүхико Ооигава “Шинэ Монгол сургуулийн салбарыг Ибараки мужид байгуулах тухай бодол байдаг уу?” хэмээн асуухад Ж.Галбадрах багш “Үнэндээ бол Японд сурч байсан Тохокү их сургуулийн багш маань адилхан асуулт асууж байсан, харин миний хувьд Япон очих болгондоо сургуулиуд иймэрхүү зүйлээ багахан өөрчлөөд, ийм зүйл нэмээд өгвөл илүү сайжрах байх гэх мэтээр боддог” гэж хариуллаа. Мөн тэд Ковид-19 вирусын цар тахалтай хүнд үеийг даван туулж хурдан уулзахыг ерөөж, онлайн гэрээ зурах ёслол өндөрлөлөө.
Ташрамд дурдахад, Ибараки аймаг нь Токио хотоос 1цаг 30 минутын зайтай байрладаг 2сая 800мянган оршин суугчтай томоохон аймаг юм. Цүкүба Их Сургууль, Хитачи компани зэрэг томоохон сургууль, үйлдвэр, компаниуд байрладаг аж үйлдвэрлэлийн хот тул манай төгсөгчдөд мэргэжлийнхээ дагуу дадлагажих, ажиллах томоохон боломж нээгдэж байна.
Yahoo News-т нийтлэгдсэн нийтлэл
Nikkei-д нийтлэгдсэн нийтлэл
Энэхүү үйл явдал нь мөн Ибараки мужийн сонинд нийтлэгдсэн ба нийтлэлийг доорх зурганд харуулав.