ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ОЮУТНЫ САЙН ДУРЫН АЖЛЫН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер хөгжлийн төвөөс зохион байгуулж буй Сайн дурын ажлын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болон анхны сургалт болж өнгөрлөө. Тус хөтөлбөр нь оюутны идэвх санаачлага, хувь хүний хөгжил төлөвшлийг ШМЭХ бүрэлдэхүүн сургуулиудын багш ажилчдад туслах, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, нийгэмд чиглэсэн сайн үйлс хийх замаар дэмжих зорилготой. Хөтөлбөрийн нээлтээр ШМЭХ Гүйцэтгэх захирал Д. Гантуул нээлтийн үг хэлж, Карьер хөгжлийн төвийн мэргэжилтнүүд Б. Түвшинзаяа, Г. Мишээлт нар хөтөлбөрийн танилцуулгыг хийснээр Сайн дурын ажлын хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Хамгийн эхний сургалтаар ШМЕБС Карьер хөгжлийн төвийн мэргэжилтнүүд Б. Цолмон, М. Мэндтогтох, Э.Отгонбилэг нар өөрсдийн сайн дурын ажил хийж байсан туршлагаас хуваалцаж, хөтөлбөрийн оролцогч оюутнуудад нийгмийн хариуцлагатай байхын ач холбогдол болон сурсан зүйлсийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Цаг заваа зориулан оюутнуудад үнэ цэнэтэй яриа хийсэн Карьер төвийн мэргэжилтнүүддээ талархахын сацуу Сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдаж буй Шинэ Монгол технологийн коллеж болон Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутнууддаа амжилт хүсье!