ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛЬ

Дэлхийд үнэлэгдэх Монгол иргэдийг бид бэлтгэнэ уриатай ЕБШМСургууль 2000 онд Монголын анхны 3 жилийн ахлах сургууль болон үүсгэн байгуулагдсан ба сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэн баяжуулж, бага сургуулийн 3-р ангиас англи хэл, дунд сургуулийн 6-р ангиас япон хэл судлуулан, ахлах сургуулийн 11-р ангиас байгаль, нийгмийн ухаанаар төрөлжүүлэн сургаж, төгсөгчдөө гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэхүйц хэмжээнд амжилттай бэлтгэж ирсэн онцлогтой билээ.

Бид сургууль байгуулагдсан цагаас эхлэн сургуулийн эерэг соёлыг бүрдүүлэх замаар сурагч, төгсөгчдийн сурлагын амжилт, хүмүүжил төлөвшил, багш хамт олны бүтээмж, цаашилбал нийгэмд эерэгээр нөлөөлж, салбартаа манлайлахыг зорьж ажиллаж ирсэн бөгөөд эдүгээ “Шинэ Монгол соёл” бидний гол үнэт зүйл, ялгарах онцлог болж чаджээ.

Сургалтын хөтөлбөрийн хувьд улсын цөм хөтөлбөрийн стандартыг 20-30% баяжуулж заадаг ба сурагчдад мэдлэг, чадвар, хандлагыг тэнцвэртэй олгоход анхаарч, сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрийг нарийвчлан төлөвлөж явуулдаг юм.